1-2 настай хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөний хөгжил

Бүүвэйлэхүй

Хүүхдийг элгэндээ нааж хэтэрхий чанга болон сул биш, хүүхдэд тааламжтайгаар тэврэн энхрийлж бүүвэйлнэ.
Бүүвэйн дууг намуун зөөлөн аясаар тасралтгүй үргэлжлүүлэн дотоод сэтгэлийн баясгалантайгаар аялна.
Бүүвэйлж байхдаа хүүхдийн толгой, магнай, духыг илж тайвшруулах ба өгзөг мөрний дагуу зөөлөн доргиулна.
Бүүвэйлэх үед хүүхдийн хацарт хацраа нааж энхрийлбэл хайрыг гоц мэдэрнэ
Хүүхдийг бүүвэйлж, хөхүүлж байхдаа бусадтай чанга ярих, дуу чимээ гаргах нь буруу.

Хүүхэд маасайх нь баярласан сэтгэлийн илэрхийлэлүхэд маасайх нь баярласан сэтгэлийн илэрхийл
Хүүхэд эхлээд ээжийнхээ дуу чимээ, нүүр царайг мэдэрнэ. Ээжийнхээ танил дууг сонсоод баярласан сэтгэлээ илэрхийлэн маасайна. Чанга дуугараад загнах маяг үзүүлэхэд амаа мурийлган гомдлоо илэрхийлнэ. Хүүхэд өөртэй нь ярьж, элэгсэг дотно харьцахаар баяр хөөр болж, гар хөлөө сарвалзан, яваандаа ход ход инээнэ. Нялх хүүхэдтэй харилцах зам нь сонсох, харах эрхтнээр нь дамжих анир дуу чимээ, дүрс хөдөлгөөн, дохио зангаа юм. Эхний үеэс зөвхөн ээж аав гэхгүй, олон янзын хүн харилцаад байхад хүүхэд яваандаа хүмүүсийг ялгахгүйгээр харилцаж сурна.

Сонсохуй

Сонсголын мэдрэлийн эс эхний нэг жилд хөгжиж гүйцдэг учир сонсголын гэмтэл гажиг илрэх, сэргэх, хөгжих хамгийн идэвхитэй үе юм. Сонсголын эрхтэн сэрүүн байгаа, нойрсон буйг нь үл харгалзан орчин тойрны дуу чимээг мэдэрч байдаг. Сонсголыг нь шалгахдаа дуу чимээ өгөх, гэнэт хөгжим тавих, ард нь зогсож байгаад дуугарах, хонх жингэнүүлэхэд хэр мэдэрч байгаагаар ажиглана. Хүүхдийг дуу чимээнд аажмаар дасгавал зохино. Нялх хүүхэдтэй айлд хэт чанга дуутай хөгжим, кино зохимжгүй. Зөөлөн намуун аялгуу, дуу хөгжим хүүхдийн сонсголын хэвийн хөгжилд сайнаар нөлөөлнө. Сонсголын гэмтэл согог ажиглагдвал аль болохоор эрт эмчид үзүүлж зөвлөгөө авна.

Уйлахуй

Уйлан уйлсаар хүн болдог, майлан майлсаар мал болдог гэж монголчууд ярьдаг. Уйлахуй нь хүүхдийн хувьд сонгодог хэл юм. Өлсөх, өвдөх, даарах, тавгүйтэхээ цөмий нь уйлж илэрхийлнэ. Хүүхэд айж цочоод, гомдож гоморхоод уйлах нь элбэг. Ээжийнхээ зүүн мээмийг хөхөж байхдаа чихээрээ эхийнхээ зүрхний цохилтыг сонсож тайвширдаг. Эрүүл борогшсон хүүхэд уйлахаар уушиг нь томордог гэж хөгшчүүд ярих нь бий. Хүүхэд заримдаа хүсэлтээ түргэн биелүүлэх, бусдыг эрхшээлдээ оруулах, сүрдүүлэхийн тулд уйлж, ааш зан нь буруу төлөвшдөг. Охид нь хөвгүүдээс илүү уйламтгай, хожим амьдралд хүлээцтэй, зөөлөн дуулгавартай хүн болдог гэж зарим эрдэмтэн үздэг.

Харахуй

Хүүхэд төрөөд нэг сарын дараа нярайн үе өнгөрч физиологийн харалган арилж, харааны хөгжил эрчимтэй эхэлдэг. Юмыг тогтоон харж, эхний ээлжинд эхээ таньдаг болно. Эх нь зүс царай сайхан, үс гэзгээ самнасан, цэвэрхэн хувцасласан, хүүхдээ өхөөрддөг, инээд баясгалан бэлэглэдэг бол хүүхэд ертөнцийг тийм байдлаар анх удаа тусгаж авна. Хүүсэд маасайна гэдэг бол том ойлголтын хариу үйлдэл юм. Эх нь хүүхэдтэйгээ харьцахгүй байвал ой ухааны хөгжил нь харааны хөгжлийг дагаад хугацаа алдан хоцордог.

Хайранд цаддаггүй

Хүүхэд зөн билгээрээ өхөөрдөл, энхрийлэл, инээмсэглэл, эвийлэл, хайр халамжаар тэжээлгэж, түүнээсээ хүч чадал, ухаарал, сэтгэлийн таашаал хүртэж, түүнээсээ хүч чадал, ухаарал, сэтгэлийн таашаал хүртэж, түүнээ насан туршид үүцэлж амьдардаг. Иймд эцэг эх хоёр нь “Бид бие биеэ хайрладаг, хүндэлдэг, дээдэлдэг” гэдгийг хүүхдийн нүдэнд ил тод болж, бүх харилцаагаар шинэ хүндээ нөлөөлж, мэдрүүлж байвал тэд шингээн авч өөрийнх болгоно. Эцэг эхийн хоорондох эерэг харилцаа бүхэн нэмэх цэнэгтэй энергийг ялгаруулж, үл ажиглагдам замаар хүүхдэд хүрдэг. Хүйтэн харьцаа, ёс төдий хуурамч хүндлэл, сөргүү үг, бусармаг үйлдлийг хүүхэд төдийгүй тэр айлын муур нохой нь хүртэл андахгүй мэдэрдэг болохыг судлаачид тогтоожээ.

Хатуу зөөлөн тохиргоотой

Хүүхдийг 7-8 сартай болохоор өдөн дэр, дээлээр ороогоод хаашаа ч гарахааргүй суулгачихдаг. Энэ байдал нь удаан үргэлжлээд зөвхөн зөөлөн зүйлтэй харьцаад хэвшчихсэн хүүхэд жаахан томроод ширээ сандлын хатуу булантай анх удаа тааралдахад аймшигтай санагдана. Тэр нь идэвхи санаачилга, зүрх зоригийн нь шантрааж, насан туршийн “толбо” болж тогтоно. Иймд сэтгэлийн хөгжил төлөвшихөд нялх багаас нь хорвоогийн хатуу зөөлөнг зөв тохируулан мэдрүүлэх буруу биш ээ.

Эцэг эх бүр жүжигчин

Хүүхэд эцэг эхээ таньдаг болсон цагаас томчуултай “дотносож, харилцаж, өөрийгөө илэрхийлж, ярилцах”-ыг хүсдэг. Том хүний нүүр царайны баясгалантай төвшин илэрхийлэл, яруухан инээмсэглэл, зөөлөн намуун дуу хоолой, элгэмсэг тэврэлт бүхэн дотоод “Сэтгэлийн орчуулга” болно. Том хүний хөмсөг зангидах, нүүр амаа мурийлгах, чанга дуугарах нь нялх хүүхдэд аймшиг төрүүлдэг.

Хүүхдээ цэцэрлэгт өгөх бол

Хүүхдийг цэцэрлэгт анх өгөхөд эцэг эхээсээ саалахгүй зуурч уйлах нь элбэг. Бас гэртээ харихыг гуйж гоншигноно. Ээжтэйгээ байнга хамт байж, эрхлэж “нялуурдаг” хүүхэд шинэ орчинд орсноор хэтэрхий их хайр энэрэл нь “дутагдаж” нь онцгойлон анхаарал тавихгүй байгаа мэт санагдана. Хайртай бяцхан үр нь уйлж унжихыг хараад өр өвдөн ажлаасаа гарах юм бил үү гэсэн бодол эхэд орж ирнэ. Зарим үед гэр дотроо ч ярина. Үүнийг хүүхэд сүрхий мэдэрнэ. Огт эргэлзэргүйгээр хүүхдээ цэцэрлэгт нь өгөөрэй. Хүүхэд бие даасан амьдрал руу дасч орог. Зарим өдөр цэцэрлэгт явуулахгүй муу зан суулгуузай.

Зөрүүд хүүхэд ухаалаг нь элбэг.

Хүүхэд хэлд орж, санаа бодлоо гадагш илэрхийлэх үгийн нөөц нь 100-200 үг байхад дотоод үгийн баялаг нь аль хэдийн 2000-3000 үг болчихсон байдаг. Дотор санаагаа бүрэн илэрхийлэхэд үгийн нөөц нь дутаж, харилцаж байгаа хүмүүс, эцэг эхчүүд өөрийг нь ойлгохгүй болохоор хүүхэд ундууцаж уурлах, зөрүүдлэх нь элбэг болдог. Ийм үед хүүхдээ загнаж зандарч харилцаад байвал хөшүүн хүн болно. Зөрүүд хүүхэдтэй зөөлөн аядуу аргаар харьцахыг настайчууд зөвлөдөг нь учиртай.

Хүнээр айлгах буруу

Цагдаа, эмч, хөрш, согтуу хүнээр хүүхдээ айлгаж болохгүй. Хүүхэд олон нийтээс айж бишүүрхэхгүй чөлөөтэй явна гэдэг харилцааны хөгжлийн үндэс. “Гудамжинд тарьсан модны мөчир, цэцэг битгий тасал. Цагдаа загнана” гэхийн оронд цэцэг мод чинь амьдралын гоё сайхан орчинг бидэнд бэлэглэдэг, бас өсч ургадаг, үр хүүхэд гаргадаг, усгүй бол үхдэг “амьд” бодис гэж сургаал хэлбэл арай дээр болно. Нэг удаад эмчээр айлгаад өнгөрч болно, дараа нь өвдвөл яах вэ? Үүнийг бодох л хэрэгтэй.

Гэрийн толь

Хүүхэд ууртай цухал, ядруу ноймоо, гөжүүд зөрүүд, хурц хөдөлгөөнтэй, удаан тайван зэрэг төрөлхийн содон ааш араншинтай байж болно. Та үүнийг сүржигнэн товойлгож ярих, өөрт нь олон дахин сануулж гайхашрах хэрэггүй. Магадгүй, таны төрөлхийн ааш араншингийн зах зух нь удамшсан байж мэднэ. Харин түүний сул талыг давуу тал болгон ашиглавал зохино. Нөгөө талаар хүүхэд танай гэрийн толь байдаг учраас өөрсдийн харилцаанд дүгнэлт хийгүүштэй.


0 Response to "1-2 настай хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөний хөгжил"

Post a Comment

powered by Blogger | WordPress by Newwpthemes | Converted by BloggerTheme