"Өөрийн залуурыг өөрөө барь"


   Хонх дуугарч, хичээл тарлаа. Гэртээ харина, орно гэхээс түгшиж байв. Дунд авсан гэдгээ аавдаа мэдэгдэхээс эмээж яаж нуух тухай л бодож алхлав. Дүнтэй хуудсаа урдаг ч юм бил үү? Багштай уулзвал ч мэдэх л байх даа... гэж бодсоор өөдтэй арга олсонгүй ороод аавдаа загнуулж билээ. Аав маань хүүхдийг хатуу гараар барьж байх ёстой гэж үздэг болохоор сул дүнг хэрхэвч хүлээн зөвшөөрдөггүй нэгэн байв. Ийм байдалтайгаар би дүнг чухалчлан бага сургуулиа төгсөв. /тавдугаар анги/ Тэдгээр үест надад сурахын жинхэнэ утга учир ойлгомжгүй, харин дүн бол чухал зүйл гэсэн ойлголт хадаатай байдаг болж, би өөрөө өөрийнхөө төлөө биш, хэн нэгний төлөө өөрөөр хэлбэл аавдаа таалагдахын тулд, онц сайн дүн авахын тулд хичээдэг байлаа. Наймдугаар ангид манай ангийг матемакийн багш даан авч, биднийг зэмлэхдээ "Дэргэдүүр өнгөрсөн юм бүхнийг ажиж зөр. Нүдээ нээсэн чигээрээ харалган яваад байвал энэ амьдралаас хүссэнээ харах гэх хүсэл төрөх үед харъя гэсэн ч хараа чинь муудсан байх вий" хэмээн авхаалжтай овсгоотой, бүтээлч байхын утга учрыг хэлж зааж ирсэн юм. Би харин багшийнхаа сайн сайхан чанаруудыг дууриасан сайн багш болно гэж боддог байсан ч хожим сэтгэл зүйчийн ажил мэргэжил дур сонирхлыг минь илүүтэй татсан юм.
  Өдгөө суралцах явцад хүнийг таниж мэдэж, хүн гэдэг нарийн ухаантай дээд төрөлтөнтэй тулж ажиллах мэргэжилтэн болох сэтгэл судлаач "Би" өөрийгөө таниж мэдсэн эсэхээ тунгаах боллоо. Хэдийгээр амьдралд хүн орчин тойрон, өөрийн хүрээлэл болон бусад хүмүүсийг байнга сонжиж, үнэлгээ дүгнэлт өгч байдаг ч өөрийгөө хүртэн ойлгож чаддаг хүн цөөн гэдгийг ажиглахад бэлхэн харагддаг байсныг би ухаарсан юм. Хүн өөрөө өөртөө эзэн байж, өөрөө өөртэйгөө ажиллаж, урам хийгээд зэм өгч, хяналт тавьж сурах нь бусдаар албадуулан хүч хөдөлмөрөө гаргахаас хавьгүй илүү сэтгэл хангалуун байдлыг мэдрэх боломж олгодогийг ч мэдэрсэн. Тийм ч учраас өөрийгөө, өөрийн зорилго, хүсэл мөрөөдлөө ухамсарласан хүн амжилтанд хүрч, бусдаар хүрээлүүлдэг. Түүнчлэн хэдий сайн ч хэлэхээс нааш санадаггүй гэдгийн адилаар дуулсан, мэдсэн боловч амьдрал ахуй, сурах, ажиллах аливаа үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэггүй, хэрэгжүүлж мэддэггүй хүмүүс олон байна. Тэдний дотор  би өөрөө ч багтана. 
  Ярина гэдэг үзэл бодлоо илэрхийлэх, солилцох төдий бус, өөрийн оюун ухааны цар хүрээ, хүмүүжил, төлөвшил, соёлын түвшинг илтгэдэг гэдгийг ухааруулж өгсөн "Бодож байж ярь" гэсэн багшийн минь хэлдэг гурван үг одоо хүртэл ам нээх бүрт минь санаанд ордог болсон байх юм. Энэ бол миний олж авсан мэдлэг.
  Танхимд сонссон онол лекц бол мэдлэг биш. Харин таны хэрэглүүр. Идэх хоолын тань ногоо нь гэсэн үг. Та үүнийг цэвэрлэхийг нь цэвэрлэж, боловсруулж иддэгтэй адил. Түүнийг хэрхэн ашиглаж хэрхэн хувиргах вэ гэдэг л таны сурсан эрдмийг харуулна. Энэ бол таны ухамсар, ухаан, овсгоо.
Эцэст нь дүгнэн хэлэхэд
Хэзээ би сайхан амьдрах вэ гэж бүү асуу. Харин сайхан амьдралд хүрэхийн тул юу хийх вэ гэж асуу.
Энэ бэрхшээлийг хэрхэн боломж болгох вэ? Би өнөөдөр, магад яг энэ мөчид юу хийсэн байх ёстой вэ   гэж асуу.
Бусдыг шүүмжилж, үзэн ядаж эсвэл голохынхоо өмнө би энэ хүнээс юуг сурч болох вэ гэдгийг цаг үргэлж асуу.
Таныг хөтлөх хэн нэгэнд бүү найд. Учир нь тийм хөтлөгч байхгүй шүү дээ. Өөрийн залуурыг өөрөө амжиж барь. Эс бөгөөс живэх вий.

0 Response to ""Өөрийн залуурыг өөрөө барь""

Post a Comment

powered by Blogger | WordPress by Newwpthemes | Converted by BloggerTheme